top of page
Logo-SigleCercle_Grey.png
Drapeau de Royaume-Uni
Drapeau de la France

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД

ТАВАН ГОЛ СЭДЭВТЭЙ

Орон нутгийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлуудтай уялдуулан Экосум дараах таван чиглэлд төслүүдээ анхааран хэрэгжүүлэх болно.

ХОГ ХАЯГДЛЫН ГАРЦЫГ БУУРУУЛАХ, ЗОХИЦУУЛАХ

ЭКО БАРИЛГА, СУУЦ ДУЛААЛГА

ДЭВШИЛТЭТ

АГРО-ЭКОЛОГИ

УЛАМЖЛАЛТ, ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙ

team.png

ОРОН НУТГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР

ХОГ ХАЯГДЛЫН ГАРЦЫГ БУУРУУЛАХ БОЛОН ХОГ ХАЯГДЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ 

Өнөөдрийг хүртэл орон нутаг дахь хогны менежмент маш хязгаарлагдмал, ядмаг байсаар ирсэн билээ. Сумын хэмжээнд хог ангилах, органик хаягдлаар бордоо хийх, хог дахин боловсруулах нь байхгүйтэй адил. 

 

Олон нийтийн үйлчилгээгээр цуглуулсан эсэхээс үл хамааран сум орон нутгийн хог бүгд сумын төвөөс холгүй орших хогийн цэгт төвлөрч очдог.

Энэ асуудал малчин айл өрхүүдтэй ч мөн салшгүй холбоотой. Нийцтэй шийдэл дутмаг байгаагаас болоод тэд хогоо хөдөө газар, нутаглаж байсан газрынхаа ойролцоо орхиод явах нь элбэг.

Улаанбаатар хотод ч хог хаягдлын зохицуулалт тун тааруу байгаа учир үүсгэдэг хог хаягдлынхаа хэмжээг бууруулж, хэрхэн зохистой зохицуулах талаар эргэн харах шаардлагатай болжээ. 

DJI_0106.jpg

ЭКОСУМ-ЫН ЗОРИЛГО НЬ ХОГ ХАЯГДЛАА БУУРУУЛАХ, АНГИЛАЛТ, ДАХИН АШИГЛАЛТ, ДАХИН БОЛОВСРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЗАМААР ХОГ ХАЯГДЛАА ҮР АШИГТАЙ, ТОГТВОРТОЙ ЗОХИЦУУЛСНААР СУМАА ЭЦСИЙН ХОГ ХАЯГДАЛГҮЙ БОЛГОХ. 

Үүний тулд эхний алхам маань иргэд, тэр дундаа хүүхэд залуус болон албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн буруу дадал зуршлыг өөрчилж, хогны тухай мэдлэг, мэдээлэл олгох хэрэгтэй билээ. Хог ангилалтыг дэмжин сурталчилснаар сум даяараа байгальд ээлтэй, хариуцлагатай амьдрах хэв маягт хамтдаа шилжих боломжтой юм.

Иргэдийн ангилсан дахиваруудыг хүлээн авахын тулд хог хаягдал зохицуулахад зориулсан төвийг сумын төвтэйгээ ойр байгуулсан. Одоогоор бид хүлээн авч буй нийт хог хаягдлыг төв дээрээ, эсвэл сумаас гаднах бусад хамтрагч талуудын дэмжлэгтэйгээр дахин ашиглах, дахин болосвруулах замаар зохицуулахаар хичээж байна. 

Гэвч хувь хүн хичнээн хичээл зүтгэл гаргасан ч үйлдвэрүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүний хамт гаргадаг хог хаягдлаа бууруулахаас нааш бодит үр дүн, өөрчлөлт гарах боломжгүй юм. Тиймээс бид нарийн тоон мэдээ цуглуулж эдгээр компаниудыг нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг шаардах, уриалах кампанит ажлуудыг явуулахаар зорьж байна.

Déchets

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАРИЛГА, СУУЦНЫ ДУЛААЛГЫГ ДЭМЖИХ

Нүүдэлчин малчин өрхүүд үндэсний уламжлалт сууц монгол гэрт амьдардаг бол сумын төвийн суурьшмал иргэд дийлэнх нь модон эсвэл блокон байшинд амьдарч байна. Эдгээр блокийг ихэвчлэн хот суурин газрын том үйлдвэрүүдээс авчирч хэрэглэдэг бөгөөд алслагдмал газрын иргэд бүтээгдэхүүний олдоц, өндөр үнэтэй тээвэрлэлт мөн үе үе тохиох үнийн хөөрөгдлийн хараат байдалд ордог.

Дээрээс нь санхүүгийн боломжоос хамааран ихэнх байшингууд дулаалга муутай, зарим нь бүр огт дулаалгагүй байх нь элбэг. Өвөлдөө -30° хэм хүйтэрч, хэдэн сарын турш хүйтний эрч буурдаггүй Монгол шиг улсад иргэд сууцаа халаахын тул өдрөөс өдөрт багасч буй ойн нөөцөө хомслон мод түлэх төдийгүй агаар, орчин хамгийн ихээр бохирдуулагч нүүрсийг асар ихээр хэрэглэж, халаалтын өндөр зардалд дарамтлуулан амьдарч байна.

DJI_0079.jpg

ЭКОСУМ-ЫН ҮНДСЭН ЗОРИЛГО НЬ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, СУУЦНЫ ЗОХИСТОЙ ДУЛААЛГЫГ ОРОН НУТАГТАА ХӨГЖҮҮЛЖ ИРГЭДИЙН ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЮМ.

Мэргэжлийн, туршлагатай байгууллагатай хамтран ажилласанаар бид хөдөө хэрэглэгддэг дийлэнх барилгын блокноос илүү байгальд ээлтэй, чанар сайтай барилгын материал болох шахмал шавар тоосго (ШШТ)-ны технологийг орон нутагтаа нэвтрүүлсэн. Нутгийн иргэд энэхүү технологит суралцаж, зохион байгуулалтанд орж, алсдаа тогтмол ажлын байр бий болгохоор ажиллаж байна.

Энэ технологийн ашиг шим, давуу талыг таниулах загвар барилгыг барьсан бөгөөд тус барилгыг стандартын дагуу дулаалж иргэдэд сууц дулаалгын нэн шаардлагыг сурталчилж байна. Төсөлд хамрагдах зарим өрхүүдийг сургалтанд хамруулж дулаалгын материалаар хангаснаар өрхүүд сууцаа дулаалах боломжтой болно.

Хишиг-Өндөр суманд гарсан зарим ололт амжилтыг аймгийн зарим сумдад хуулбарлан хэрэгжүүлэх бөгөөд сууц дулаалгын технологийн талаарх мэдээлэл бүхий сургалтын материал, бичлэгүүдийг бэлдэж олон нийтэд нээлттэй цацсанаар орон даяар түгээх боломж бүрдэнэ.

Energie/constructo

АГРО-ЭКОЛОГИЙН ДЭВШИЛ БОЛОН ХҮНСНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛ

Монгол улс мах, махан бүтээгдэхүүн болон цагаан идээний дотоод хэрэгцээгээ үргэлж хангасаар ирсэн боловч хүнсний ногооны хувьд маш дутмаг байдаг. 

Хуурай, хүйтэн сэрүүн цаг агаар нь газар тариаланг Монголын уламжлалт аж ахуй болохоос үргэлж сэргийлэх хүчин зүйл болж байв. 

Үндэсний түвшинд тус улсын хүнсний ногооны ургац нийт хэрэгцээний 60%-ийг хангадаг гэсэн статистик байгаа бөгөөд үлдсэн хэрэгцээгээ чанарын эргэлзээтэй импортын ногоогоор хангаж байна. 

Олон олон сум хязгаарлагдмал тээврийн үйлчилгээ, хадгалах байр сууцны дутагдлаас болж огт ногоо тарихгүй нь элбэг. 

DJI_0192.jpg

ЭКОСУМЫН ЗОРИЛГО НЬ СУМЫНХАА ХҮН АМЫН ХЭРЭГЦЭЭГ БҮТЭН ЖИЛИЙН ТУРШИД ХАНГАХУЙЦ ХҮНСНИЙ НОГОО, ЖИМСНИЙ МОД, БУТНЫ ЭКОЛОГИЙН, ТОГТВОРТОЙ ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЖ ХҮНСНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛД ХҮРЭХ ЮМ. 

Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд бүрэн тоног төхөөрөмж бүхий 6.2 га хамтын ногооны талбайг зохион байгуулахаар бэлтгэж байна. Сумын газар тариалан эрхэлсэн агрономичтай хамтран туршлагатай болон шинээр ногооны аж ахуй эрхлэх иргэдийг сургалтанд хамруулж, тоног төхөөрөмжөөр хангаснаар тариалалтыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах юм. 

Үүний зэрэгцээ, ойролцоогоор 20 өрх хамтран ажиллаж байсан чацарганы модны 10 га талбайг сэргээн ашиглахаар төлөвлөж байна. Энэхүү ашиг тусаараа танигдсан, Монгол орны унаган жимсний тариалалтыг дэмжих нь орон нутагт тогтвортой ажлын байр бий болгож өрхийн орлого нэмэгдүүлэх шилдэг арга гэж бид харж байна.

Эцэст нь одоогоор балгас болсон сумын хуучин чулуун зоорийг барилгын шилдэг технологийг ашиглан Монголд болон бусад улсуудад үр дүнгээрээ танигдсан био цаг уурын загвараар засварлана. Ингэснээр хүнсний ногоо, жимсний хадгалалт, боловсруулалтыг нэмэгдүүлж сумын иргэдийн хэрэгцээг жилийн туршид хангаж, цаашдаа бие даасан байдалд хүрэх зорилготой юм.

Agroécologie

ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭЛТИЙГ СЭРГЭЭХ

Үйлдвэржсэн болон эрчимжсэн мал аж ахуй Монгол оронд тун ховор ч уламжлалт мал аж ахуй сүүлийн жилүүдэд маш ихээр өөрчлөгдөөд байгаа билээ. 

 

Сүүлийн хорин жилд улс даяар малын тоо толгой хяналт, зохицуулалгүй өсч тэр дундаа ямааг илүүд үзэн өсгөх болсноор Монгол орны өнцөг булан бүрт бэлчээр ихээр талхлагдаж, тал нутаг хурдтай цөлжих аюул нүүрлээд байна. 

Өвлийн улиралд унд ус ховор үед малчид зуднаас ихэд хохирол амсч сая сая мал хорогдон малчид амжиргааны эх үүсвэрээсээ хагацаж байна. 

 

Энэхүү чөтгөрийн тойргийг малын түүхийн эдийн хямд үнэ бүр ч ихээр бэхжүүлсээр байна. Малын тоо ихэсч бэлчээрийн даац хэтэрч байгаа ч малчид орлогоо нэмэгдүүлэхийн тулд малын тоо толгойг тэр дундаа ноолуур зарж борлуулахын тулд ямаагаа ихээр өсгөснөөр асуудал улам дордож байна. 

Mongolie 011.jpg

ЭКОСУМ-ЫН ЗОРИЛГО НЬ БЭЛЧЭЭР, СҮРГИЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОН МАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРДЧИЛСАН ХАМТЫН БОДЛОГООР ДАМЖУУЛАН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТРЭЛТТЭЙ ТЭМЦЭХ, ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭЛТИЙГ СЭРГЭЭХ ЮМ. 

Монгол орны мал аж ахуй эрхлэлт нь хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх шударга бус өрсөлдөөнд суурилсан олон улсын зах зээлээс хамааралтай байдаг тул бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийг бодитой, тогтвортой дэмжихийн тулд үндэсний хэмжээнд төлөвлөсөн дотоодын зах зээлээ хамгаалах бодлого шаардлагатай гэж бид үзэж байна. Харин ийм төрлийн бодлоготой болохын тулд малчид нийтээрээ өөрсдийн эрх болон өвөг дээдсийн уламжлалт мал ахуйгаа хамгаалж үлдэхийн төлөө нэгдэх шаардлагатай юм. 

Ийм төрлийн малчдын холбоог босоо чиглэлтэй буюу бүгдэд нээлттэй, ардчилсан системээр орон нутгийн бэлчээр ашиглагчдын холбоо хэлбэрээр байгуулж сүргээ хэрхэн зохицуулах зорилт, зорилгоо хамтдаа шийдвэрлэх нь үр дүнтэй юм. Үндэсний хэмжээнд нэгтгэсэн арга барил нь хэт нүсэр тул бага нэгжүүдэд бэлчээр ашиглагчдын холбоо байгуулах нь орон нутагтаа хоршиж ажиллан, тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэж ажиллах нөхцлөө сайжруулах хамгийн шилдэг арга гэж бид харж байна.

 

Дээрх асуудлын хүрээнд Экосум ТББ орон нутгийн малчин өрхүүдтэй хамтрахдаа тэдэнд юу хийхийг заах биш харин худаг, малын байр гэх мэт дэд бүтцийн асуудал, мал эмнэлэгийн үйлчилгээ, сургалтад хамрагдах болон онцгой байдалд ашиглах өвчний нөөц бүрдүүлэх гэх мэт тэдний бодит хэрэгцээг хангахад чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөж байна. Аль болох орон нутагтаа төрөл бүрийн сувгуудаар малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь мөн нэн чухал ажил юм.

Elevage
team.png

СУМЫН ИРГЭДИЙН ХАРААТ БУС, ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

Цаг уурын өөрчлөлт, тэгш бус байдал, хэт өндөр хэрэглээ, байгалийн төрөл зүйлийн мөхөл, төрөл бүрийн бохирдол гэх мэт асуудлууд дэлхий даяар үүсч бидний бий болгосон бүхэн нуран унах аюул бодитоор нүүрлээд байгаа энэ үед тулгарах бэрхшээл саадыг бэлтгэлтэйгээр, хохирол багатай давахын тулд нийгмийн шинэчлэл хийх, орон нутгийн дасан зохицох чадварыг сайжруулах нэн шаардлагатай байна. 

Энэ шилжилтийг хийхэд орон нутгийн хараат бус байдлыг нэмэгдүүлж энгийн болоод хоорондоо хамтарсан амьдралын хэв маягийг сонгох нь юу юунаас илүү чухал. Газар тариалан, мал аж ахуй, хог хаягдлын зохистой менежмент, барилга, эрчим хүч зэрэг нь нэн тэргүүнд шилжиж эхлэх шаардлагатай салбарууд боловч бусад салбарууд ч дутуугүй чухал юм. Хүн бүр өөрийн орон нутагтаа орлошгүй үүрэгтэй байж сумын нийт дотоод эдийн засгийг бүхий л хэлбэрээр чадваржуулах нь гол зорилт. 

Sans titre.png

ЭКОСУМЫН ЗОРИЛГО НЬ ОРОН НУТАГТАА ЭНГИЙН, ТОГТВОРТОЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ НИЙЦСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ХОРШИН ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗАМААР АЖИЛГҮЙДЭЛ, ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛЖ, СУМЫН ХАРААТ БУС, ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЮМ. 

Орон нутгийн эдийн засгийн эргэлтийн томоохон хувийг албан бус үйл ажиллагаа эзлэдэг тул орон нутагт байгаа бүх бараа, үйлчилгээний талаар иргэд тодорхой мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс бид хэрэгцээ, боломж бололцоог нарийн тодорхойлохын тулд орон нутгийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй, бодит жагсаалт гаргахаар хичээж байна. 

Экосум орон нутгийн хараат бус, тэсвэртэй байдлыг сайжруулахад хүч нэмэх хувийн болон улсын бүхий л санаачлагыг дэмжих үндсэн ажилдаа орно. Ингэхдээ хамтын жижиг үйлдвэрлэлийн байр, багаж тоног төхөөрөмжөөр хангах цаашлаад бичил зээл, тусламж олгох гэх мэтээр байгаа болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

 

Энэхүү хараат бус эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхийн тулд бид нутгийн иргэдэд хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх хүсэлтэй жижиг, орон нутгийн хоршооны байгууллагуудыг бүх замаар дэмжинэ. Үүний тулд орон нутгийн түгээлтийн сувгуудаар импортоос орон нутгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхэмлэж дотоодын худалдаа, солилцооны тогтцолцоог хөгжүүлнэ. 

Sensibilisation

 

Нутгийн иргэдийн илэрхийлсэн бүхий л хэрэгцээг хангахын тулд сумын бие даасан, тэсвэртэй байдлыг дээшлүүлэхэд хүч нэмэх бүхий л орон нутгийн санал санаачлагуудыг зөвхөн Хишиг-Өндөр суманд төдийгүй бусад сумдад дээрх сэдвүүдэд хязгаарлагдахгүйгээр дэмжинэ. Хэрэв танд ямар нэг санал, санаачлага байгаа бол, танд бидний тусламж хэрэгтэй байгаа бол бидэнтэй хэзээ ч холбох боломжтой. 

bottom of page