top of page
Logo-SigleCercle_Grey.png
Drapeau de Royaume-Uni
Drapeau de la France

ХАМТ ОЛОН

Экосум нь Хишиг-Өндөр суманд амьдарч буй монгол-франц хосын санаачлагаас төрсөн төсөл юм. 2018 оны 9 сард байгуулагдсанаас хойш, Экосум-ын баг хамт олон орон нутгийн иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг эрчимжүүлж, иргэдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.

ҮНДСЭН АЖИЛЧИД

355.jpg

НАРАНТУЯА

ТЭРГҮҮН, ХОГНЫ ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Бага насаа Хишиг-Өндөр суманд өнгөрөөсөн Нараа арван жилээ төгсөөд Улаанбаатарт Олон Улсын Харилцаагаар суралцав. Үүний дараа Иерусалем хотод Ойрхи Дорнод, Ислам судлалаар магистрын зэрэг хамгаалаад эх орондоо иржээ. Оюутан байхаасаа 10 жил аялалын хөтчөөр аяласан нь түүнд эх орноо өөрийн хэмжээнд танин мэдэх боломжийг олгосон. Тэрээр хөдөө орон нутагт байнга тулгардаг асуудлуудад шийдэл олж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй нэгэн. Пиертэй уулзсаны дараа Нараа Франц явж Хүмүүнлэгийн Менежер чиглэлээр магистрт ахин суралцав. Action Against Hunger- өлсгөлөнгийн эсрэг олон улсын Төрийн бус байгууллагад 5 сар дадлага хийсний эцэст эх орондоо эргэн ирж Экосум-ыг үүсгэн байгуулах ажилдаа шамдан оржээ.

Mariage Saales 057.jpg

ПИЭР

ЗАХИРАЛ, ТЕХНИКИЙН ЗӨВЛӨХ

Пиер ажлын гараагаа байгаль орчны инженерээр эхлүүлжээ. Тэндээ гурван жил ажиллаад Францийг орхин дэлхий тойрон аялах урт аялалд зорин гарав. Хаа сайгүй үзэгдэх байгал орчин, нийгэм эдийн засгийн асуудлуудыг аялалынхаа туршид ажигласны эцэст Пиер өөрийн үйл хэргийг олон улсын хөгжил, нийтийн эрх ашгийн асуудлуудад чиглүүлэхээр шийдэв. Францад эргэн эрээд тэрээр Парист IRIS Sup'-ийн Олон улсын төслийн менежментээр магистр суралцан дипломын ажлаа Монгол улсын бэлчээр-газар тариалангийн аж ахуйн тухай бичиж сургуулиа амжилттай дүүргэв. Дараа нь тэрээр Парис хотод "Дэлхийн эмч нар" ТББ-ын төв оффист ажиллаж мөн хүнс, хөдөө аж ахуйн бодлогын тухай ном бичих ажилд гол үүрэг гүйцэтгээд энэ ажлынхаа төгсгөлд Нараагийн хамтаар Экосум-ыг байгуулан Хишиг-Өндөрт амьдарч байна.

51978445_241812303434968_558168987382946

ДӨЛГӨӨН

ЭКО-БАРИЛГЫН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Хүүхэд насаа Хишиг-Өндөр суманд өнгөрөөсөн ба сумынхаа бүрэн дунд сургуулийг төгсөөд Менежмент, Олон улсын худалдаа мэргэжлээр МУИС, Бизнесийн сургуулийг төгссөн. Бакалаврын дипломоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд гадны хөрөнгө оруулалтыг татах сэдвээр бичсэн. Ажлын гараагаа бизнесийн байгууллагаар эхлүүлсэн ч сурсан зүйлээ нийгэм, хүмүүнлэгийн салбар руу чиглүүлэн ажиллах хүсэлтэй байсан учир Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагад гурван жил Хөгжлийн ажилтнаар ажилласан ба одоо Залуу гэр бүлийн өрхийн амьжиргааг дэмжих төсөл, Хүүхэд халамж ба эрүүл мэнд төслүүд дээр төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм. Дөлгөөн төрж өссөн сум орон нутгийнхаа тогтвортой хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө ажиллахаар Экосум-ын баг хамт олонтой нэгдэж Хишиг-Өндөрт ажиллаж, амьдарч байна.

145968485_857121441754384_7101020076054287508_n.jpg

ГАНЖАРГАЛ 

САНХҮҮГИЙН АЖИЛТАН

Ганжаа Хишиг-Өндөр суманд төрсөн. Бүрэн дунд сургуулиа төгсөөд Монгол Улсын Их Сургуульд Бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн.Нөхөртэйгөө танилцах хүртлээ уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт богино хугацаанд ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжин 4 одтой зочид буудлын зохион байгуулагчаар ажиллаж байсан. Их сургуулийн 4-р курст байхдаа зочлох үйлчилгээний байгууллагын тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгааны ажилд туслахаар ажиллаж байсан. 2021 оноос Экосум төрийн бус байгууллагад санхүүгийн ажилтнаар ажиллаж эхлэсэн ба байгууллагаас хэрэгжүүлж буй бусад төсөл хөтөлбөрүүдэд ч байнгын идэвхтэй оролцож, олон нийтэд хандсан ажлуудыг санаачлан явуулж байна.

43509344_10156432715766609_1987212639792529408_n.jpg

ОДОНТУЯА

НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛТАН

Одноо бол байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангаж хүн ба амьтдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн билээ. Тэрээр 10 орчим жил аяллын хөтөч-орчуулагчаар ажиллах явцдаа байгальтай ойр байж, үнэ цэнийг илүү ойлгож улмаар байгаль хамгаалах салбарт ажиллахаар шийдсэн. Тэрээр 2009 оноос хойш байгаль орчны олон улсын төсөл хөтөлбөр болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байгаад 2015 онд байгаль хамгаалах чиглэлээр суралцахаар шийдэж Австрали улсад байгаль орчны менежментээр магистрт суралцаж төгссөн. Одноо үнэт зүйл, зорилго ижил Экосум ТББ-ын залуустай нэгдэж, өөрийн мэдлэг, чадварыг зориулан ажиллаж байна. 

134934771_746100076006139_21726448693003

НАРАНБАТ 

ЭКО-БАРИЛГЫН ТӨСЛИЙН ТЕХНИКИЙН АЖИЛТАН

Наранбат 1992 онд Хишиг-өндөр суманд төрсөн.Үйлдвэрлэлийн салбарт ажиллаж эхлэх хүртлээ биеийн тамирын сургуульд суралцаж байсан. Гялалзах оргил ХХК-д техникийн ажилтан, Шангрилла центр барилгын ажилд мужаан, Вестас ЖДД компанид ахлах техникчээр 2019 он хүртэл ажилласан ба ажиллах явцдаа эко барилгын ач холбогдлыг таньж мэдсэнээр төрөлх сумандаа суурьшин ажиллахаар шийдэж, Экосум ТББ-аас хэрэгжүүлж буй байгальд ээлтэй барилгын төслийн техникийн зохицуулагчаар ажиллахаар одоогийн баг хамт олонтой нэгдээд байна. Наранбат Экосум-ын хэрэгжүүлж буй бусад төслийн ажилд ч байнга идэвхтэй оролцож баг хамт олноо үлгэр жишээ манлайлан ажиллаж байгаа.

IMG_20231111_210745_151.jpg

СУВДАА

ТӨСЛИЙН АЖИЛТАН

Сувдаа Улаанбаатарт төрж өссөн. Тэрээр бага наснаасаа эхлэн хатуу хог хаягдал, агаарын бохирдол зэрэг орчны бохирдолд маш их санаа зовдог байжээ. Хөдөө өсөөгүй ч 21 аймгаар явсан. Тэрээр МУИС-ийн газар зохион байгуулалтын мэргэжлээр суралцаж, 2018 онд бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд 18 настайдаа Хятадад богино хугацаанд айлчилсан. Энэ нь түүний хятад хэл сурах хүсэл тэмүүллийг өдөөж, дараа нь тэрээр 2019-2023 онд Уханы их сургуульд Байгаль орчны шинжлэх ухааны чиглэлээр магистрт суралцсан. Түүний хобби нь ном унших, аялах, зугаалах, шатар тоглох юм. Тэрээр төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагад ажиллаж/сайн дурын ажил хийж байсан туршлагатай. Сургуулиа төгсөөд Хог биш байлаг ТББ-д элссэн. 2020 онд тэрээр Ногоон энх тайван гэх пэйж хуудас үүсгэн байгаль хамгаалал, минималист эко амьдралын хэв маягийн тухай видео бичлэг, мэдээ мэдээллийг хуваалцаж эхэлсэн. 

Capture d’écran 2023-01-27 à 11.05.54.png

РАВЖИХ

ГАЗАР ТАРИАЛАН, ХОГ ХАЯГДАЛ ЗОХИЦУУЛАЛТЫН АЖИЛТАН

1974 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн бөгөөд 1982-1990 онд дунд сургуульд суралцаад, төгссөн цагаасаа хойш Хишиг-Өндөр ХХК-д малчин, мөн багагүй хугацаанд хувиараа МАА эрхэлж байсан. 2010 онд гэр бүлтэй болж одоог хүртэл эхнэр 3 хүүхдийн хамт Хишиг-Өндөр сумандаа амьдарч байна. 2018 оноос эхлэн сум дундын эмнэлэгт галчаар ажилласан ба 2022 оны 4 сард Экосум байгууллагад нэгдэн ХАА, газар тариалангийн төслийн ажилтнаар ажиллаад мөн 2022 оны 11 сард Хог хаягдлын менежментийн төсөлд ажииллах болсон. Тус сумын уугуул иргэний хувьд сум орон нутгийнхаа хөгжилд өөрийн ур чадвар, туршлагаараа хувь нэмрээ оруулахыг зорьж явдаг.  

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

146235341_239953594534671_23906829408785

ЧОЙСҮРЭН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

Хишиг-Өндөр сумандаа төрж өссөн. Сумынхаа бүрэн дунд сургуулийг дүүргээд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуульд Төрийн захиргааны баклаврын зэрэг хамгаалсан. 2020 оноос төгссөн сургуулийнхаа магистрын хөтөлбөрт элссэн суралцаж байна. 2015, 2019 онуудад Хишиг-Өндөр сумынхаа наадамд түрүүлж сумын заан цолоо 2 удаа батласан. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн Худалдан Авах Ажиллагааны Газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн ерөнхий гэрээний судалгаа хариуцсан мэргэжилтний алба хашдаг төрийн жинхэнэ албан хаагч. 

IMG_0431.JPG

МАНДАХНАРАН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Мандах Хишиг-Өндөр сумандаа төрж өссөн. Сумынхаа бүрэн дунд сургуулийг дүүргэсний дараа Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд Архитектор мэргэжлээр суралцаж баклавр, магистрын зэргээ хамгаалжээ. Магистрт суралцаж байх хугацаандаа өөрийн мэргэжлийн чиг хандлагыг байгаль болоод хүнд ээлтэй тогтвортой барилга руу чиглүүлж түүгээрээ судалгааны ажил эмхтгэн цаашид суралцсаар ирсэн. Одоо ШУТИС-н харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвд мэргжилтнээр ажиллаж байна. Мандах санаа зорилго нэгтэй залуустай хамтран сум, орон нутгийнхаа тогтвортой хөгжилд гар бие оролцохоор шийджээ. Тэрээр Хишиг-Өндөр суманд эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах шийдэл олох, мөн тус сумын хог хаягдал хүлээн авах цэгийн загварыг гаргах зэрэг ажилд тун идэвхитэй ажилласаар байна.

124407351_2680985772139870_1789985963600

АНАНД

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Ананд бага наснаасаа сургууль төгсөх хүртлээ Хишиг-Өндөр сумандаа амьдарсан. Боловсролын гараагаа Улаанбаатар хотод эхлүүлж өөрийн сонирхлын дагуу МУИС, Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргээд одоо Монгол банкны Судалгаа, статистикийн газар эдийн засагчаар ажилладаг. Нийгмийн ухааны чиглэлээр боловсрол эзэмшсэн тэрээр хөдөө, орон нутаг тогтвортой оршин тогтнож хөгжин цэцэглэх гол нөхцөл нь орон нутаг өөрөө үйлдвэрлэгч байх,  бие даасан байх, амьдралын таатай орчин бүрдсэн байх ёстой гэж үздэг тул үзэл бодол, зорилго нэгтэй залуустайгаа нэгдэн өөрийн мэдлэг, оролцоог зориулж байгаа билээ.  

145697825_916122469225537_38035074176105

УНДРАХ-ӨЛЗИЙ 

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Хишиг-Өндөр суманд төрж өссөн бөгөөд сумынхаа бүрэн дунд сургуулийг төгсөөд МУИС, Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч, Статистикч мэргэжлээр дүүргэн одоо Практикал Даатгал ХХК-д Байгууллагын даатгалын мэргэжилтнээр ажиллаж байна. Сум орон нутгийн хөгжил цэцэглэлт, эрүүл аюулгүй орчин, тогтвортой байдал зэрэгт залуучуудын оролцоо чухал гэж үздэг тул өөрийн зүгээс бага ч болов хувь нэмэрээ оруулахаар Экосум-ын залуустайгаа хамтран ажиллаж байгаа билээ.

image_6483441.JPG

МӨНХГЭРЭЛ 

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Хишиг-Өндөр суманд төрж, өссөн. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, магистрын зэргээ улс төр судлалаар хамгаалсан. Ажлын гараагаа ТВ5 телевизээс эхэлж, одоо Нээлттэй Нийгэм Форумд мэдээлэл, олон нийтийн харилцаа хариуцан ажиллаж байна. Төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад иргэдийн идэвхитэй оролцоог дэмжих, бодлогын шийдвэр, хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх нь түүний ажлын зорилго. Иргэний нийгмийн салбарын хөгжил нь төрд тавих хяналтыг дээшлүүлэх, иргэдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих хөшүүрэг тул Экосум ТББ-таа ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй.

bottom of page